2023.11.06 - 2023.11.10

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Хэрэв чи унтаж байхдаа мөнгө олох ямар нэгэн арга олоогүй бол 

үхэх хүртлээ ажиллах болно."

- Уоррен Баффет

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол Улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 37,106.38 нэгжид хүрч 2.71%-ийн өсөлттэй хаагдлаа. Монгол Улсын 10-р сарын инфляцын түвшин 10.1%-иас 9.0%-д хүрч буурсан үзүүлэлттэй гарлаа. Уг инфляцын түвшин нь 2021 оны 8-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм. Инфляцын түвшин хэдийгээр буурсан боловч Монгол Улсын зорилтот инфляцын түвшин 6.0% болохыг харгалзан үзвэл зорилтот түвшинд хүрэх хараахан болоогүй байна.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

Өнгөрөгч 7 хоногийн Лхагва гарагт S&P 500 индексийн 7 өдөр дараалан өссөн өсөлт, технологийн компаниудын жин их дарсан NASDAQ Composite индексийн 8 өдөр дараалсан өсөлт тус тус зогслоо. Гэсэн хэдий ч АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх тус голлох индексүүд 7 хоногийн эцэст өсөлттэй хаагдлаа. Томоохон технологийн компаниудын 3-р улирлын тайлан 7 хоногт нийтлэгдсэн ба тайлан шинжээчдийн хүлээлтийг давсан нь технологийн компаниудын хувьцаануудад эергээр нөлөөллөө. Тодруулбал, Datadog компанийн 3-р улирлын тайлан шинжээчдийн хүлээлтийг давснаар Мягмар гарагт хувьцааны ханш нь 28% өссөн юм.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

Зээлийн хүү дээд түвшиндээ хүрнэ гэх хөрөнгө оруулагчдын өөдрөг хүлээлт буурснаас үүдэн Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 0.77%, STOXX Europe 600 индекс 0.21%-ийн тус тус бууралттай хаагдлаа. Английн төв банкны ерөнхийлөгч Эндрю Бэйли Ирландад болсон төв банкны бага хурал дээр "Зээлийн хүүг бууруулахад үнэхээр эрт байна." хэмээн онцоллоо.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

Япон Улсын Засгийн газраас амласан эдийн засгаа эрчимжүүлэх бодлогын амлалт болон компаниудын 3-р улирлын тайлан сайн гарсан нь өнгөрөгч 7 хоногт тус улсын хувьцааны зах зээл өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. Тодруулбал, NIKKEI 225 индекс 1.93%, TOPIX индекс 0.62%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Япон Улс болон Холбооны нөөцийн сан хоорондын Мөнгөний бодлогын зөрүүтэй байдлаас үүдэн Японы иений ханш ам.долларын эсрэг суларсан хэвээр байна. Тодруулбал, 1 ам.доллар өнгөрөгч 7 хоногт 151 иентэй тэнцэж арилжаалагдсан нь сүүлийн 33 жилийн хамгийн дээд ханшийн сулралын үзүүлэлт болж байна.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

БНХАУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өөрчлөлт багатай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.27%, CSI 300 индекс 0.07%-ийн тус тус бага хэмжээний өсөлттэй байлаа. БНХАУ-ын 10-р сарын экспорт жилийн өмнөх мөн үеэс 6.4% бууралттай гарсан бол 10-р сарын импорт 3.0% өссөн үзүүлэлттэй гарлаа. Тус улсын 10-р сарын худалдааны тэнцэл 56.5 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. 10-р сарын худалдааны тэнцэлд шинжээчид 82.0 тэрбум ам.долларын ашигтай байна гэх хүлээлттэй байсныг харгалзан үзвэл 10-р сарын худалдааны тэнцэл хүлээлтэд хүрсэнгүй.

Дэлгэрэнгүй

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь 2023 оны 11 дүгээр сарын 6-аас 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 7 удаагийн нүүрсний, 9 удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа зохион байгуулж, нийт 523,556,606,072 төгрөгийн арилжаа хийсэн байна.


ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

Английн төв банкны ерөнхийлөгч Эндрю Бэйли Ирландад болсон төв банкны бага хурал дээр "Зээлийн хүүг бууруулахад үнэхээр эрт байна." хэмээн онцолсноос үүдэн Евро бүсийн бондын өгөөжүүд 7 хоногт өсөлттэй байлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 11 ДҮГЭЭР САРЫН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

 2023.11.07 


“Монголын Хөрөнгийн бирж” ХК-иас зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт” 2023 оны 11 дүгээр сарын 20, 21, 22-ны өдрүүдэд 14:00-18:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн сургалтын танхимд зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүй

ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ

“Goldman Sachs” БНХАУ-ын 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 4.8 хувь болгож өсгөв

 2023.11.10 


“Goldman Sachs” БНХАУ-ын 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 4.5 хувиас 4.8 хувь болгон өсгөснөө мэдээллээ. "БНХАУ-ын Засгийн газар ойрын саруудад эдийн засгийн өсөлтөө бодитойгоор ахиулах алхмуудыг хийнэ" гэсэн хүлээлттэй байгаагаа "Goldman Sachs” онцолж байна.

Дэлгэрэнгүй


БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт удаашралтай буй энэ үед дефляцын дарамт эргэн сэргэв

 2023.11.09  

Аравдугаар сард БНХАУ-д хэрэглээний үнийн индекс хасах утга руу орж, үйлдвэрлэгчийн зардлын бууралт үргэлжилснээр тус улсын дефляцын дарамт улам нэмэгдлээ. Энэ нь БНХАУ эдийн засгийн өсөлтөө дэмжих багц арга хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн хүлээлтийг нэмэгдүүлж байна.

Дэлгэрэнгүй

Товхимлыг бэлтгэсэн:

С. Зоригт  | Дилер